Нүүрээ цэвэрлэж байна гээд шууд хөөсөн савангаар угаагаад байгаа юм биш биз. Бүр санаа зовнингуй асуудаг нь манай дийлэнх охид бүсгүйчүүд, залуучууд ийм алдаанаас үүдэн арьсны асуудал, хуурайшилт, батгашилт үүсэх шалтгаан болдог болохоор тэр юм.
Арьс цэвэрлэгээ бол арьс арчилгааны 50%-тай дүйцэхүйц чухал үе шат гэдгийг мэдэх үү? Тэр дундаа давхар цэвэрлэгээ хамгийн чухал. Япон, Солонгосоос гаралтай “давхар цэвэрлэгээ” нь өдгөө дэлхий даяар арьс арчилгаанд чухал байр эзлэхүйц түгэн тархжээ. Нүүрээ будсан, нарны тос түрхсэн л бол гадаа гарч, гэртээ байсан гэлгүй “давхар цэвэрлэгээг” тааруулж хийж сурах нь арьс арчилгааны суурь алхмуудын нэг юм.
Давхар цэвэрлэгээ нь угтаа хоёр төрлийн цэвэрлэгчийг дараалан хэрэглэхийг хэлнэ.
1 - Р ЦЭВЭРЛЭГЭЭ
Бидний өдөр тутам түрхдэг нарны тос, крем пудр, орчны бохирдол, тоос тоосонцор гэх мэт усанд тэсвэртэй, угаахад арилахгүй хүнд бүтцийг “Тосыг тосоор” гэсэн дүрмийн дагуу тосон бүтэцтэй, усанд эмульсждэг цэвэрлэгч тос, балм мөн түүнчлэн зориулалтын будаг арилгах чадвартай цэвэрлэгч усаар арилгавал илүү тохиромжтой байдаг.
2 - Р ЦЭВЭРЛЭГЭЭ:
Дараагийн алхам нь угаагч буюу бидний хэлж заншсанаар хөөсөн саван
Хөөсөн савангаа сонгохдоо ph 5.5-6.5 буюу бага зэрэг хүчиллэг- арьсны өөрийн ус, чийгийн тэнцвэртэй ижил саванг сонгосноор арьсны нимгэн бүрхүүл гэмтэхгүй, дархлаатай, бактери үржихгүй хамгийн сайн нөхцөлийг бүрдүүлдэг. Эхний алхмаар нүүрний будаг, хүнд метал, тоос тоосонцрыг задалсан бол энэ алхмаар нүүрний нүх сүв, үлдэгдэл бохирдлоо бүрэн цэвэрлэнэ. Ингэснээр арьс дараагийн хүлээн авах чадвар нэмэгдэж, илүү сайн хүлээн авснаар нөхөн төлжих, эрүүлжих, залуужих үйл явцууд хурдсах юм.
ХЭЗЭЭ ХИЙХЭД ТОХИРОМЖТОЙ ВЭ?
Давхар цэвэрлэгээг зөвхөн оройдоо хийх нь тохиромжтой байдаг. Яагаад гэхээр орой арьс хамгийн их бохирдож, бохирдлууд хуримтлагдсан байдаг болохоор тэр. Мөн хамгийн гол ашиг тус нь арьс унтаж, амарч байхад нөхөн төлжиж байдаг буюу шөнийн цагаар биеийн бодисын солилцоо удаашрах явцад арьсны бодисын солилцоо идэвхжиж оргил цэгтээ хүрдэг. Тиймээс л оройн 22 цагаас шөнийн 2 цаг хүртэлх цагийг гоо сайхны цаг ч гэж нэрлэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл шөнийн цагаар арьсны эсүүд илүү хурдан сэргэж, шинэ залуу эсийн үйлдвэрлэл нэмэгдэж, эсийн хуваагдал явагддаг.
Ингээд л боллоо. Давхар цэвэрлэгээ байнга хийж заншихад зөөлөн, зориулалтын бүтээгдэхүүнүүд байхад л болно. Харин нэгэнт цэвэрлэгээ ярьсных давхар цэвэрлэгээнд орохгүй ч арьсны хамгийн чухал “их” цэвэрлэгээ бол ГУУЖУУЛАЛТ юм. Бонус мэдээллээр гуужуулалтын талаар товчхон хүргэе.
ГУУЖУУЛАЛТ
Бидний арьс 28 хоногийн хугацаатай нөхөн төлжих процесс явагдаж байдаг. Энэ нь цаанаасаа шинэ арьс төрөн гарч, наана байгаа арьсны эсүүд үхжиж түлхэгдэх үйл явц юм. Гэвч үхсэн арьснууд хоорондоо цавуулаг эдээр холбогдсон байдаг. Харин гуужуулагч хэрэглэснээр шинэ залуу эсээ “өлгийдөн” авч байгаа бэлтгэл гэж ойлгож болох юм. Арьсаа гуужуулдаггүй бол мянга сайхан, үнэтэй, хэрэгтэй бүтээгдэхүүн түрхээд үхсэн арьсаа тэжээхээс өөрцгүй юм. Тиймээс гуужуулалт бол арьс арчилгааны салшгүй нэг хэсэг, цэвэрлэгээний чухал үйл явцад тооцогддогийг мэдэж авлаа.
Comments